header header
Мэдээ, мэдээлэл  |   Эрх зүйн орчин  |   Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр  |   Дүрстэй мэдээ  |   Фото цомог  |   Зураг төслийн магадлал    


ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

       
      Манай агентлагийн цахим хуудсаар зочилж буй эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг эрье. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар нь газрын харилцаа , геодези зураг зүй, барилга, барилгын материал, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй гэсэн тус бүрдээ онцлогтой  томоохон салбаруудын чиглэлээр Монгол Улсын хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, эрхэлсэн сайдыг бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад мэргэжлийн арга зүй, зөвлөгөө, дэмжлэг, судалгаа, мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
      Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц томоохон салбаруудыг хариуцан ажилладаг нь манай агентлагийн улс орон, ард түмний өмнө гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлдог гэж бид ойлгодог.
      Энэ үүднээс бид газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоог хангах, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах, барилгажилт, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, хот төлөвлөлт, хот байгуулалт, зураг төслийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгуудыг тавин ажиллаж байна. Мөн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийг боловсронгуй болгох, техник технологийн дэвшилтэт арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар ажлын үр ашиг, бүтээмжээ дээшлүүлэх, цаашлаад улс орны хөгжлийн өсөлтийг хангах, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилго билээ.      
      Үүний зэрэгцээ УИХ, Засгийн газраас баталж боловсруулсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, “Авто замын нэгдсэн сүлжээ”,  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зэрэг аж үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалтын зорилтууд болон уул уурхай дагасан төрийн бодлогуудыг хэрэгжүүлэхэд манай хамт олон  мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж,  дээрх  үйлст манлайлан оролцохоор сэтгэл нэгдээд байна.
        Тус байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархахын хамт  хувиасаа болон хамт олныхоо өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 
 
 
                                 ГАЗРЫН ХАРИЛЦАА,  БАРИЛГА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН
    
 
                                           ДАРГА           Ц.ГАНХҮҮ                            
 

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛ
     1950-иад оны дунд үеэс Монгол оронд Газар зохион байгуулалтын арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлэх болсноор 1954-1975 онуудад газрын нөөцийг тодорхойлох, ашиглалтынх нь зориулалтыг тогтоох чиглэлийн ажлууд давамгайлж иржээ.
Энэ үед газрын нөөцийн хайгуул, судалгаа, газар зохион байгуулалтын зураг төслийн ажлыг үндсэндээ тэр үеийн Зөвлөлтийн газар зохион байгуулалтын ажлын онол, аргачлал, арга зүйг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэглэж байв.1974 онд Засгийн газраас манай орны газар ашиглалт, хөрс хамгаалалтын тухай хэлэлцээд газар эдэлбэрийг сайжруулах, хөрс хамгаалах талаар авах хойшлуулашгүй арга хэмжээний талаар тогтоол гарган хэд хэдэн дорвитой арга хэмжээ авч газар зохион байгуулалтын бие даасан байгууллага болох Газар зохион байгуулалтын хайгуул-судалгаа, зураг төслийн институт байгуулсан юм.
1992 оноос институтийг ХААЯ-аас Байгаль орчны яаманд шилжүүлэн газрын нөөцийн судалгаа явуулах, газрын үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх, газрын хувьсал өөрчлөлт, түүний нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх зүй тогтлыг судлах үүрэгтэйгээр Газрын бодлогын хүрээлэн болгон өөрчлөв.
 Энэ үеэс газрын хайгуул, зураг төслийн ажлын зэрэгцээ газрын нөөцийг тогтоох, захиран зарцуулах хүрээнд төрөөс явуулах бодлогыг боловсруулах, доройтсон   газар зүйн орчинг сэргээх ажлуудыг хийж эхэлсэн байна.1997 оноос Газрын бодлогын хүрээлэнгийн материаллаг болон мэдээллийн баазад суурилан Засгийн газрын агентлаг Газар зохион байгуулалтын алба болж дараа нь Газрын хэрэг эрхлэх газар болон өөрчлөгдөв.
      БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 24 дүгээр тогтоолоор Геодези, газрын зураглалын ажлыг журамлах, улсын хяналтыг тогтоохын тулд Геологи шинжилгээний дэргэд Геодези газрын зургийн зөвлөлийг байгуулжээ.Үүний дараа БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 232 дугаар тогтоолоор Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Геодези, картографийн улсын зөвлөл, Топографийн ангийн зураглалын хэсгийг нэгтгэж,  Улсын геодези, зураг зүйн газар /УГЗЗГ/-ыг 1970 оны 08 сарын 01-нд инженери геодези, зураг зүй, аэрофотопографикийн товчооны хамт байгуулсан юм.
      Тус газар нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн ажилд улсын нэрийн өмнөөс хяналт тавих, хэмжилтийн багажид баталгаажуулалт хийх, геодези, зураг зүйн нэгдсэн фонд мэдээллийн сан байгуулж нийтэд үйлчлэх үндсэн үүрэгтэйгээражиллаж байсан байна. Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор Газрын Хэрэг Эрхлэх газар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Улсын Геодези зураг зүйн газруудыг нэгтгэн зохион байгуулах замаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар байгуулагдсан. 
      Тус газар нь “Газрын тухай” багц хууль болон геодези, зураг зүй, үл хөдлөх хөрөнгийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтээ Засгийн газрын тохируулагч агентлаг юм.
        Мөн Монгол Улсын Газрын нөөцийг төлөвлөх, зурагжуулах, иргэд, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, гэрээний эрх зүйн бүртгэл хийх, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай багц хуулийг хэрэгжүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулж, зах зээлийн шаардлагад нийцүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбогдох эрхүүдийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээл үүсч хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлсэн.
       2006 онд Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Эрхийн улсын бүртгэлийн албыг тус агентлагаас тусгаарлаж эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болгон зохион байгуулж, бүтэц орон тоог шинэчлэн тогтоов. Үүний дараа УИХ-ын 2008 оны   43дугаар тогтоол, "Засгийн газрын тохируулагч хэрэгжүүлэгч агентлаг  байгуулах  тухай " Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол, Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайдын 2009 оны 116 дугаар тушаалд заасны дагуу Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн чиг үүргийг тус газарт шилжүүлж Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар байгуулагдсан юм. 
 
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.