header header


Түүхэн хөгжил
Нийтийн аж ахуйн үүсэл хөгжил

      1931 онд засгийн газрын хурлаар “Улаанбаатар хотын дотор орон сууцны тухайд аж ахуйг үүсгэн байгуулах явдалд хэрэглэх аргуудын тухай” тогтоол гаргаж хотын дотор орон сууц ховордон байгаа гачигдлыг арилгах, ажилчин ардуудыг тэнцэх тохирах хөлс бүхий орон сууцтай болгох явдлыг бататгах, мөн тэнднийг орон сууцны эздийн дур зоригоос хязгаарлаж хамгаалах, орон сууц барих ажлыг өргөтгөх замаар орон сууцны фондыг арвижуулах тухай заасан байна.
      Хотын захиргааны дэргэд орон сууцны бэлтгэл хөрөнгийн үүсгэн байгуулж түүнд юу хамаарагдахыг тодорхойлохдоо: Тус захиргаанд улсын болон аж ахуйн газар, ард олноос барьсан буюу шилжүүлсэн орон сууц барилга байшин, хотын захиргааны төсөв хөрөнгөөр барьсан буюу худалдан авсан орон сууц барилга байшин, улсын болон ард олноор байгуулсан хоршоололын байгууллагуудаас үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн орон сууц барилга байшинг орон сууцны фонд болгохыг заагаад орон сууц ашиглах журмын талаар үндсэнд нь шийджээ.  
      Хотын захиргааны хуваарь зөвшөөрлөөр хүмүүст орон сууц хариуцуулан эзэмшүүлэх бөгөөд хэрэв энгийн хүмүүсийн байинд айл суухаар бол 14 хоногийн урьд эзэнд нь мэдэгдэх ба хэрэв тэр хугацаанд суулгаагүй байвал шууд эрхлэн оруулах, түүний хөлсийг эзэнд нь төлж байх, ямар нэгэн албан газар өөрийн мэдлийн сууцыг улсад нэгтгэн хөлслүүлээгүй бол тэр байгууллагын ажилчдад байр олгохгүй байхаар тогтоожээ.
      Орон сууцны засварыг захиргааны хөрөнгөөр хийх бөгөөд хэрэв эзэн нь өөрөө зардал гаргаж зассан бол тэр хэмжээний хөлсийг хэлтрүүлэх, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, улсын цэргийн албан хаагчид, ажилчидын сууж байсан орон сууцыг улсын байгууллагад шилжүүлэн ашиглуулахаар болсон бол орон сууц олгосон нөхцөлд тэднийг гаргаж байх, оршин суугч нь санаатайгаар буюу хайхрамжгүйгээс орон сууцыг муутгасан буюу өөр суугчидтай хамт байх боломжгүй болох, орон сууцны хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар төлөөгүй бол байрнаас гаргаж байх журам тогтоон мөрдүүлжээ.
      Үүний хамтаар улсын болон энгийн хүмүүсийг өвлийн улиралд (11 сарын 1–ээс 5 сарын 1 хүртэл) байрнаас гаргаж болохгүй, орон сууц барих газрыг өргөжүүлж тэдэнд газрыг үнэ төлбөргүй олгох, татвар төлбөрөөс зохих хугацаагаар (3 жил хүртэл) чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
      Орон сууцны фондыг нэмэгдүүлэх, хүн амын ахуйн хангамжийг сайжруулах талаар авсан арга хэмжээний үр дүнд 1930–аад онд Улаанбаатар хотод улс хоршооллын орон сууцны байшин 112 байсан бол 1940 онд 268, амын орон сууц 4.2 мянга болж өссөн байна.
      Нийслэлийн хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг харгалзан 1947 онд хотын бага хурлын харъяанд хот нийгэм хангамжийн хэлтсийг орон сууцны тасагтайгаар байгуулсан нь өнөөгийн Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн салбарын үндэс суурь болжээ.
      Дэлхийн II дайн хот сууринг хөгжүүлэх, орон сууц барих ажилд асар их хохирхол учируулсан юм. 1946 оноос орон сууц барих ажил эхэлсэн боловч хөрөнгө хүч дутагдалтай, мэргэжилтэй ажилчид хүрэлцээгүй, барилгын материалын үйлдвэр хөгжөөгүй байсан зэрэг нь нийтийн аж ахуйг хөгжүүлэх орон сууц барихад муугаар нөлөөлж байлаа.
      1946–1955 оны хоорондох 10 жилд Улаанбаатар хотод л гэхэд 10 гаруйхан орон сууц барьж байсан нь жилд зөвхөн 1 байшин ашиглалтад орж байсан хэрэг юм. 1950–иад оны сүүлчээс эхлэн нийслэл Улаанбаатар болон орон нутагт барих ажил эрчимтэй хөгжиж эхлэв. Хот хөгжүүлэх төлөвлөгөө гаргах, орон сууц бусад соёл ахуйн барилга барих жилд ах дүү зөвлөлт холбоот улс, БНМАУ–ын сэтгэл харамгүй тусламж, өндөр мэргэжлийн инженер техникийн ажилтан онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
      Тус улсын дотор орон сууцны фондын ашиглалтыг сайжруулах арга хэмжээний тухай Сн3–ийн 1955 оны 7 сарын 16–ний 299 –р тогтоолоор Улаанбаатар хотын нийтийн аж ахуй удирдах газрыг хотын гүйцэтгэх захиргааны дэргэдэх хотын орон сууц нийгэм хангамжийн аж ахуйг удирдах газар болгон өрчилж харьяанднь 2500 м2 –аас доошгүй талбайтай орон сууцны байруудад орон сууцны захиргаа байгуулж байхыг заажээ.
      Хотын орон сууцны фонд жилээс жилд нэмэгдэж байгааг харгалзан СнЗийн 1959 оны12 сарын 2–ны 493–р тогтоолоор хотын орон сууцны хэлтсийг орон сууцны газар болгон өргөтгөжээ.
      Аймгуудад үйлчилгээний тасаг байгуулах тухай Сн3–ийн 1960 оны  6–р сарын 12 –ны өдрийн 53 –р тогтоолоор аймгийн АДХГ Захиргааны харъчанд аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах үйлчилгээний тасгийн байгуулж түүнд аймгийн төвийн зочид буудал,орон сууц, халуун ус, үсчин, сан тээвэр, хувцас сэлбэх газар, мал нядлах газар, фото зургийн салбар үйлчилэх товчоо зэргийг харьяалуулжээ. Үүний зэрэгцээгээр 1960 онд Сн –ийн 41 –р тогтоолоор ус түгээгүүр ариутгах татуургыг ашиглах дүрмийг батлаж улмаар 1975 онд (10–р сард) ус сувгийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах тухай 478–р тогтоолыг тус тус гаргасан байна.
      Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөөний дагуу ЗХУ –ын техник эдийн засгийн тусламжтайаар 40.0 мянга, БНХАУ–н тусламжаар 60.0 мянга, ам метр талбайтай орон сууцны барилгыг цэвэр ус бохир усны систем халаалт, цахилгаан холбооны төвлөрсөн систем бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан юм.
      1967 онд усан хангамж ариутгах татуурга, дулааны шугамын барилгыг дагнан барих хот нийгэм ахуйн барилга трест байгуулжээ. 1969 онд ус суваг ашиглалтын газрыг байгуулж мөн оны 11–р сард төвлөрсөн усан хангамжийн эхний ээлжийг ашиглалтад оруулжэээ
      Ингэж 1930 оны эхэн үед нийтийн аж ахуйн үйлчилгээ нэгэн зэрэг үүсэн хөгжсөн юм. Эх орон ард түмний өмнө эдгээр байгууллагууд хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн түүхтэй. Гэвч үйлдвэр хоршоололын олон үйлдвэр үйлчилгээ улсынхтай зэрэгцэн орших болсон нь нийгмийн үйлдвэрлэлийг цаашид өргөтгөн хөгжүүлэх эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд зохих бэрхшээл учруулж байлаа.Тус улсад, хот, хот маягийн төв суурин газар улам өсөн нэмэгдэж, ард түмний аж байдал соёл техникийн түвшин дээшлэж, шинжлэх ухаан техникийн ололт хүмүүсийн амьдралд өргөн нэвтэрч байгаа чухал үед нийтийн аж ахуйн үйлчилгээг цаашид боловсронгуй болгон хөгжүүлж түүнийг нэгдсэн журмаар, төлөвлөх, удирдан зохион багуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах явдал нам улсын чухал зорилт болсон юм.
      Энэ үед үйлдвэр хоршооллын төв зөвлөл цаашид үйлдвэр аж ахуйн газраа улсад шилжүүлэх талаар гаргасан саналдаа: “Үйлдвэр хоршооллын үйлдвэр нь улсын үйлдвэртэй давхардсан, цаашид хөгжих боломж муутай болсон хийгээд, үйлдвэрлэлийн хэмжээ, ажилчдын тоо, ашиг хуримтлал сүүлийн 10 жилийн нэг хэмжээнд байна. Одоогийн байдлаар өнөө маргаашийг аргацаасан ирээдүйг тодорхой чиглэлгүй, өмчийн явцуу байдалд баригдсан хэвээр байвал улс орны эдийн засагт хувь нэмэр болж чадахгүй юм. Олон салбартай механикжилт дорой, бүтээл бага, материал хангамж төвөгтэй ажиллах хүч их барьж байгаа үйлдвэрийн хоршооллын үйлдвэрийг төрөлжүүлэн улсын гарт авч хөгжүүлэх явдал тавигдаж байна” гэсэн байна.
 
Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам ба түүний өсөлт хөгжилт
 
      1971 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн АИХ –ын тэргүүлэгчдийн 261 –р зарилгаар нийтийн аж ахуйн үйлчилгээний яам байгуулах шийдвэр гаргажээ. Энэ үндсэн дээр үйлдвэр хоршооллын үйлдвэр аж ахуйн газруудыг улсад шилжүүлэх болон түүнтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай Сн3 –ийн 1972 оны 2 сарын 25–ны өдрийн 57-р тогтоолоор үйлдвэрийн хоршоололын оёдлын фабрик, хүүхдийн хувцасны болон, арьс шир, шаазангийн артель, хүнсний нэгдсэн үйлдвэр, Өмнөговь, Увс, Дорнод, Баянхонгор, аймгийн давсны тасгуудыг хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд Улаанбаатар хот болон аймгуудын модны артель, тасаг цехүүдийг ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийн удирдах ерөнхий газарт, Худалдаа бэлтгэлийн яаманд нийтийн хоолны гуанз, ресторан, барааны болон хүнсний дэлгүүр, мухлагуудыг, эрүүл хамгаалах яаманд ахуй үйлчилгээний комбинатын нүдний шилний тасгийг тус тус шилжүүлжээ. Үүнд: 1972 оны 2 сарын 25–ны 58–р тогтоолоор нийтийн аж ахуйн үйлчилгээний яамыг ахуйн үйлчилгээ, нийтийн аж ахуйн, техник ашиглалт механикжуулалт, хөдөлмөр цалин хөлс, боловсон хүчин, гадаад харилцаа, төлөвлөгөө санхүү, тоо бүртгэлийн хэлтэс, материал техникийн хангамжийн газар, санхүүгийн шалгах тасаг, иргэний хамгаалалтын тасаг зэрэг 10 хэлтэс, 2 тасаг, 64 нэгж, харьяа 12 газартайгаар байгуулсан байна.
      Мөн энэ тогтоолоор яамны харьяанд Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний болон нийтийн аж ахуйг удирдах газар, материал техникийн хангамжийн газар, урлал төмөр эдлэлийн комбинат, авто тээврийн бааз, туршлага шинжилгээний төв, биеийн тамирын “Хоршоолол” нийгэмлэг, барилга засварын контор, техник мэргэжлийн сургууль, Дархан, Чойбалсан хотын нийтийн аж ахуйг удирдах газар, 18 аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газруудыг оруулжээ. Яамны сайдын 1972 оны 4 сарын 17–ны өдрийн 23 –р тушаалаар яам, аппаратын дотоод журам, мөн 6–р сарын 30 –ны 80 тоот тушаалаар аймаг, хотын НААҮ -ний газруудын үлгэрчилсэн дотоод журмыг тус тус батлан мөрдүүлжээ. 1972 оны 6–р сард ахуйн үйлчилгээний нэр төрлийг баталжээ.
       1972 оноос эхлэн зохион байгуулагдсан нийтийн аж ахуйн үйлчилгээний яам оны эцэс гэхэд 13 хэлтэс, тасаг, харьяа 81 газартай, 12347 ажилчидтай болсон байлаа.
      МАХН–ын Төв хороо, БНМАУ–ын Сн3-өөс шинэ дутам байгуулагдсан нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг цаашид хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, шинжлэх ухаан техникийн ололтыг нэвтрүүлэх талаар удаа дараа чухал арга хэмжээ авч байжээ.
      1973 онд Сн3–ийн 267-р тогтоолоор “Тэргүүний үйлчлэгч” энгэрийн тэмдгийг бий болгож түүгээр нийтийн аж ахуй үйлчилгээний ажилтан, ажилчдыг шагнаж байхыг заажээ. Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан соёлжилтын ажлын дүнгийн тухай хэлэлцсэн МАХН –ын Төв хороо БНМАУ –ын Сн3–ийн 1972 оны 7–р сарын 7–ны 16 дугаар тогтоолд: Ахуйд соёл нэвтрүүлэх хөдөлгөөнийг өрнүүллэх тухай заахдаа “Хүн амын соёл ахуйн үйлчилгээний цэг салбарын байршлыг зөв сонгон тогтоож, тоог нэмэгдүүлэх шинэ төрлийн үйлчилгээний дэвшилтэд технологи тоног төхөөрөмжийг үйлдвэрт байнга нэвтрүүлэх, НААҮ -ний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, үйлчилгээг хөнгөн шуурхай соёлч боловсон болгохыг хэд хэдэн яамдад даалгасан юм.
      Хөдөлмөрчдийн ахуйн үйлчилгээг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Намын Төв Хороо Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 4–р сарын 23–ны өрийн 11–р тогтоол гарч түүнд 1975 оноос эхлэн улс ардын аж ахуйн төлөвлөгөөнд хүн амын ахуйн үйлчилгээг бие даасан тусгай салбар болгон төлөвлөх журмыг тогтоож 2–оос доошгүй аймгийн төвд ахуйн үйлчилгээний комбинат, аймаг бүрт 2–3 сумын төвд улс хоршооллын байгууллагын хөрөнгөөр үйлчилгээний тасаг салбар байгуулах, дээд сургууль, техникумд болон ТМС–д сургах оюутны тоог 75 оноос эхлэн жил бүр нэмэгдүүлэхээр зааж ахуйн үйлчилгээний байнгын курсийг нээж ажиллуулахыг хөдөлмөр цалин хөлсний улсын хороонд даалгажээ.
      Сн3–ийн 1974 оны 8 сарын 15-ны 312 дугаар тогтоолоор үйлдвэр хоршооллын системээр бараа олох, гэрээлэх үүрэг бүхий материал хангамжийн “Хоршоолол импэкс” нэгдэл байгуулжээ.
      1974 онд олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан хүмүүст БНМАУ –ын “гавъяат ажилтан цол олгож байх тухай АИХ –ын тэргүүлэгчдийн 390 –р зарилаг гарчээ. НААҮ-ний байгуулагуудын удирдлагыг төвлөрүүлэх зорилгоор 1972 оны 3 –р сарын 27 –нд гаргасан сайдын тушаалаар Улаанбаатар хотын орон сууцны конторууд, барилга засварын контор, ус сувгийн газар, гадаадын мэргэжилтнийг үйлчлэх газар, зочид буудал зэргийн НАА –н байгууллагийн Улаанбаатар хотын НААУ газарт, Ахуйн үйлчилгээний комбинат, угаалга хими цэвэрлэгээний комбинат, үсчин гэрэл зургийн захиргаа, тахир дутуучуудын үйлдвэр зэргийг АҮУГазарт тус тус харьяалуулан улмаар дээрх хоёр удирдах газарыг НААҮ-ний яам, Улаанбаатар хотын АДХГ Захиргааны давхар удирдлагад ажиллуулах болгожээ. Мөн материал техникийн бааз, авто тээврийн баазыг яам, хотын захиргааны давхар мэдэлд, үйлдвэр хоршоололын соёлын ордонг НААҮ-ний ажилчдын соёлын ордон болгон өөрчилж Улаанбаатар хотын НААУ газарт харьяалуулжээ.
      Ахуйн үйлчилгээний тэргүүний үйлчлэгчдийн зөвлөлгөөнийг аймаг, хотуудад хийлгэж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх тухай хэлэлцүүлсэн нь үйлчилгээний чанар соёлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.
      1973 оны байдлаар тус яамны системд үйлчилгээний 441 цэг салбар ажиллаж байсны 60 нь оёдлын, 169 нь гутлын, 42 нь төмөр эдлэлийн, 44 нь хими угаалгын, 9 нь тээврийн хэрэгслийн, 30 нь халуун усны, 8 хувьд 1– 2 үйлчилгээний цэг ажиллаж байлаа.
      1972 онд яамны хэмжээгээр 534.0 м2 талбайтай орон сууц, 100 шахам км дулааны шугам хоолой, 120 км цэвэр бохир усны аж ахуйн шугам хоолой, 140 гаруй уурын болон усан халаалтын тогоо бүхий дулааны аж ахуй, 20 – 400 ортой 25 зочид буудал, хот тохижилт иргэдийн үйлчилгээ, гадаадын мэргэжилтний үйлчилгээ хамрагдаж байжээ.
      1972 онд нийтийн аж ахуйг хөгжүүлэх, техникээр хангах зорилгоор улсын хөрөнгө оруулалтаар 50 шахам машин техникийг хот, хөдөөд хуваарилаж байжээ. Үүний үрээр Н.А.А–н 1972 оны төлөвлөгөөт зорилт 135.5% нар биелэж төлөвлөгөөт алдагдлыг 3%-иар багасган ашигт ажиллагааны түвшинг 14.4% -иар дээшлүүлсэн байна.
      1975 оны 2 сарын 5–ны Сн3–ийн тогтоолоор нийтийн аж ахуйн яамны зохион байгуулалтыг шинэчлэн 10 хэлтэс, тасаг 64 орон тоотой батлаж харьяанд нь Уаанбаатар хотын ОСНАА, АҮ-ний удирдах газар, авто тээврийн бааз, гоёл чимэглэлийн үйлдвэр, туршлага шинжилгээний төв, хоршоолол нийгэмлэг, Н.А.А–н ТМС, монгол гутал тоноглолын үйлдвэр, гадаадын мэргэжилтийн үйлчлэх газар, барилга засварын контор, хоршоолол импекс, нэгдэл зэрэг байхаар баталжээ.
      1978 оны 8–р сарын 31 ны өдрийн Сн3–ийн 276 дугаар тогтоолоор нийтийн аж ахуй, үйлчилгээний яаманд бүтэцийн өөрчлөлт хийж төв аппаратыг боловсон хүчний газар, ОСНАА, АҮ чанар стандарт, тайлан бүртгэл, төлөвлөгөө санхүү, материал хангамж хөрөнгө оруулалт, санхүүгийн хянан байцаах, хөдөлмөр цалин хөлс, гадаад харилцааны хэлтэс, захиргааны болон аж ахуйн тасаг зэрэг 12 газар хэлтэс, тасаг 77 нэгжтэйгээр баталжээ.
      1982 оны 6 –р сарын 4–ний Сн3–ийн 143–р тогтоолоор НААҮ -ний яамны орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байна. Энэ тогтоолоор НААҮ -ний яамныг орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байна. Энэ тогтоолоор захиргааны тасгийг боловсон хүчний газартай, санхүүгийн хянан байцаах хэлтсийг тайлан бүртгэлийн хэлтэстэй, хөрөнгө оруулалт материал хангамжын хэлтсийг салгаж хөрөнгө оруулалт барилга засварын хэлтэс, материал хангамж нормочлолын хэлтэс болгож 1 газар 9 хэлтэс 74 орон тоотойгоор баталжээ. Ингэж төр засгаас НАА -ний яам байгуулагдсанаас хойш /1972–1982/ 10 жилд 4 удаа орон тоо зохион байгуулалтыг өөрчилж байжээ.
      1976 онд нийтийн аж ахуй үйлчилгээний материаллаг баазыг бэхжүүлэх тусгай комиссыг Сн3–ийн дэргэд байгуулж нийтийн аж ахуйн хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж иржээ.
      Монголын нийтийн аж ахуй үйлчилгээг хөгжүүлэх талаар төр засгаас авсан олон чухал арга хэмжээний нэг нь БНМАУ–ын АИХ–ын 11 дэх удаагийн анхдугаар чуулганаар хэлэлцэж нийтийн аж ахуй үйлчилгээг ойрын үед хөгжүүлэх үндсэн чиглэлийг заасан явдал юм.
      Энэ зөвлөлгөөн нь яамны системийн сүүлийн 3 жилийн ажлыг дүгнэж, цаашид тавих зорилтыг тодорхойлсон юм. Төр засгаас авч явуулсан арга хэмжээ, системийн байгууллага, хамт олны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд болон ах дүү ЗХУ, социолист орнуудын хамтын ажиллагааны үр дүнд монголын орон сууц, нийтийн аж ахуй, хүн амын ахуйн үйлчилгээ түргэн хурдацтай хөгжиж ирсэн юм. 1977 он гэхэд нэг хүнд ноогдох ахуйн үйлчилгээний орлого 1972 онд 19.6 төгрөг байснаа 51.2 төгрөгт хүрч ахуйн үйлчилгээний 5 комбинат 11 төв шинээр байгуулагдаж нийт сумдын 70 % -д үйлчилгээний цэг салбартай болсон байлаа. Ахуйн үйлчилгээний цэг салбар 878–д хүрч явуулын үйлчилгээний хэлбэр их өсөв. Зөвхөн 1976 онд 1530 гаруй суурь бригад фермд очиж 800 мянга орчим хүнд үйлчилсэн байна. 1976 онд 400 илүү шинэ тоног төхөөрөмж ахуйн үйлчилгээний байгуулагуудад тавигджээ. Энэ хугацаанд 500 мянган м2 орон сууцны барилга баригдаж ашиглалтад орсноор орон сууцны фонд 1970 оныхоос 1.4 дахин өсч жилд дунджаар 50 мянган м2 талбайтай орон сууцанд засвар хийж цэвэр ус халаалтын системтэй болгожээ.
      Улаанбаатар хотод ус хангамж сувагжуулалтын төвлөрсөн байгууламжийн томоохон өргөтгөл хийж, Чойбалсан хотод усан хангамж сувагжуулалтын барилга байгууламж шинээр ашиглалтад оржээ.
      Халаалтын зуухны төвлөрүүлэх, механикжуулах, ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах замаар ашиглалтыг сайжруулах ажил өргөн зохиосон байна.
      1973–1978 онд Улаанбаатар, аймаг хотын төвийн орон сууцны 100 шахам хороололыг тохижуулж зүлэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон талбай 1.2 м2 –аар өсч мод, зүлэг тарих, арчлах, услах ажлыг төлөвлөгөөтэйгээр хийж иржээ.
      Барилга засварын нэгдсэн трестийг хотод байгуулсан нь орон сууц, нийтийн эзэмшлийн барилгын фонд ашиглалтыг сайжруулахад дөхөм болсон байна. 1976 онд системийн хэмжээгээр 23.8 сая төгрөгийн барилга угсралт засварын ажил хийгдсэн нь 1971 оныхоос 4.4 дахин өсчээ.
      Нийтийн аж ахуйн барилга байгууламж барихад зураг төсвийн ажил ихээхэн хүлээгдэх болсныг харгалзан барилгын засвар, халуун ус, угаалга, хими цэвэрлэгээний хүлээн авах цэг, ус түгээх байр зэрэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах үүрэгтэй, зураг төсвийн товчоог туршлага шинжилгээний төвийн харьяанд байгуулж ажилуулсан байна.
      1971-1975 онд ус хангамжийн системийн хүч чадал 1.5 дахин, сувагжуулалт 1.2 дахин өсөв. Үүний үр дүнд ус борлуулалт 1970 оныхоос 1.8 дахин бохир ус татан зайлуулах ажил 1.5 дахин нэмэгдэж 1 айлд тохилог орон сууцанд суугчдад хоногт 80–100, гэр хороололд 20–25 литр ус ногдох болж 3 дахин өсчээ. Төв сууринд 800 гаруй ортой зочид буудал ашиглалтанд орж, аймгийн төвд С–240 маркийн халаалтын тогоо суурилуулж олон хүн хүч, ихээхэн хөрөнгө хэмнэжээ.
      1989 онд системийн нийт мастер, чанар шалгагчдын зөвлөлгөөн хийлгэсэн нь бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд нөлөөлж мастер, чанар шалгагчдын хариуцлагыг дээшлүүлэхэд их ач холбогдолтой болсон юм.
      Ингэж Монгол оронд хороолол дээр суурилаж хөгжсөн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ богино хугацаанд өргөжин тэлж үйлчлүүлэгчдийн талархал дэмжлэг хүлээсэн улч ардын аж ахуйн том салбарын нэг болтлоо өсч дэвжив. Энэ хугацаанд монголын үйлдвэрлэлийн хоршоолол, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбараас хөдөлмөрийн баатар Хандхүү, Б. Дамдин, үйлчилгээний гавъяат ажилтан Отгонбор, Коля, Ч.Чихэндорж, З. Пүрэвээ, Б. Даваасүрэн, П. Аюурзана, А. Суворов нар болон үйлчилгээний тэргүүний ажилтан 1000 гаруй төрөн гарч энэ салбарын нэр хүндийг өргөж өөрийн үлгэр жишээгээр хамт олныг дуудан дагуулсан билээ.
      Монголын үйлдвэрлэлийн хоршоололоос эхлээд нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудыг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулсан, хамт олныг зохион байгуулж ажилласан олон олон удирдах ажилтан, газар хэлтсийн болон харьяа байгууллагын дарга, инженер техникийн ажилтныг мартаж болохгүй юм. Үүний дотроос үйлдвэрлэлийн хоршоололын төв зөвлөлийн дарга байсан Д. Дэмчиг Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны сайд нар О. Нямаа, Т. Дэмчигдорж, орлогч сайд нар Т. Гэндэн, Ж. Наран, Ч. Буриад, Б. Жигжид, Норжинлхам, газар хэлтсийн Ц. Надмид, Л. Соном, О. Эрдэнэбаатар, О. Сундуй, С. Лувсаншарав, Даваасүрэн, Батцэнгэл, Давга, В. Содном, И. Баатар, Д. Бямбаа, И. Цогтбилэг харьяа байгууллагын дарга нараас нь Ш. Ядамсүрэн, Н. Төмөрхуяг, Мандах, Л. Жавзмаа, Д. Цэрэндулам, Гүнжээ, Ц. Багимэд, Ц. Гомбодорж, Х. Доржжүгдэр, Н. Баасан, Л. Ядмаа, С. Баатар, С. Дорждамба нарын олон сайн зохион байгуулагч нар төрөн гарсан юм.
      Энэ салбарын ажиллагсдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд НААҮ-ний яам 1986–1988 онуудад бүх ард түмний социолист уралдаанд шалгарч дөрвөн байгууллагын шагнал авч байсан юм. БНМАУ–ын төрийн зарим яам, олон нийтийн төв байгууллагуудтай хамтран соёлжилтын үзлэгийг хэд хэдэн аймагт зохион явуулсан нь хөдөлмөрчдийн ахуйд соёлч үйлчилгээ, тохижилтыг дээшлүүлэх, төрийн болон олон нийтийн байгууллагын ажлыг нийтийн аж ахуй, үйлчилгээний ажилд анхаарч туслах явдлыг улам сайжруулахад тус дөхөм болсон юм.
      Манай оронд өөрчлөлт шинэчлэлт өрнөж төрийн зохицуулаалттай зах зээлийн эдийн засгийн системд шилжин орж байгаатай холбогдуулан яам, тусгай газруудын орон тоо, зохион байгуулалтыг цомхотгох, тухай АИХ –ын тэргүүлэгчдийн 1990 оны 4 сарын 6-ны өдрийн 83–р зарлигаар НААҮ-ний яамыг татан буулгажээ.
      Сн3–ийн 1990 оны 4 –р сарын 14 –ний 161–тогтоолоор НААҮ -ний яамны дэргэд ажиллаж байсан Монголын үйлдвэр үйлчилгээний ажилд туслах нийгэмлэгийг бие даасан нэгдэл болгон бүрэлдэхүүнд нь туршлага шинжилгээний институт, хоршоолол импекс нэгдэл, нийтийн аж ахуй үйлчилгээний сургалтын комбинат, туршилт тохируулгын анги, хувцасны загвар зохион бүтээх товчоо, тавилга төхөөрөмж үйлдвэрлэн засварлах ангийг оруулан баталжээ. Ингээд Монголын үйлдвэр, үйлчилгээний ажилд туслах нийгэмлэгийн гишүүн байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчдийн 1990 оны 4–р сарын 1–ний өдрийн 3–р тогтоол, нийгэмлэгийн тэргүүлэгчдийн 1990 оны 4 сарын 7–ны өдрийн 1–р тогтоолыг үндэслэн Монголын үйлдвэр үйлчилгээний ажилд туслах нийгэмлэгийг байгуулжээ.
      МҮҮАТН–ийн тэргүүлэгчдийн 1990 оны 5 сарын 29–ний хурлын протоколыг үндэслэн нийгэмлэгийн харъяа зарим газрын нэрийг өөрчилжээ. Үүнд: тавилга төхөөрөмж үйдвэрлэн засварлах ахуйн үйлчилгээний тавилга төхөөрөмжийн үйлдвэр, Туршилт тохируулгын ангийг нийтийн аж ахуйн байгууламжийн тохируулга засварын үйлдвэр, хувцасны шилмэл загвар зохион бүтээх товчоог, хувцасны шилмэл загвар, загвар зохион бүтээх төв, туршлага шинжилгээний институтийг нийтийн аж ахуйн үйлчилгээний эрдэм шинжилгээ зураг төслийн институт, сургалтын комбинатыг ахуйн үйлчилгээний сургалтыг комбинат болгон нэрлэжээ.
      Засгийн газрын 1990 оны эцсээр гаргасан 126 –р тогтоолоор Монголын үйлдвэр үйлчилгээний ажилд туслах нийгэмлэгийг Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний нэгтгэл болгох тухай заалтыг үндэслэн 1991 оны 1 дүгээр сарын 3 –нд зохион байгуулсан байдаг.
      Удалгүй Засгийн газрын шийдвэрээр салбарын өмнө төрийн байгууллагын үүргийг гүйцэтгэж байсан 10 гаруй нэгтгэлийг татан буулгаж тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн өнөөгийн нөхцөлд зохицуулан өөрчлөхийг худалдаа бэлтгэлийн яаманд далгасаны дагуу 1992 оны 4 сарын 1-нд Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний нэгтгэлийг орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын гадаад харилцаа материал хангамж ашиглалт үйлчилгээний чиглэлээр зуучлах, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг бүхий улсын “МОННАА” концерн болгон Ххудалдаа үйлдвэрийн яамны харьяанд байгуулсан байна. Энэ концерний бүрэлдэхүүнд тавилга төхөөрөмжийн үйлдвэр, арьс шир боловсруулах “Суман” компани, нийтийн аж ахуйн тохируулга засварын “Гурван гол” компани, оёдлын “Артель” үйлдвэр, нийтийн аж ахуй үйлчилгээний мэргэжлийн сургууль оржээ.
      Засгийн газрын 1996 оны 300 дугаар тогтоолыг үндэслэн Дэд бүтцийн сайдын 1996 оны 363 –р тушаалаар Монголын нийтийн аж ахуйн концернийг татан буулгаж зохион байгуулалтыг дахин өөрчилжээ.
      Засгийн газрын дээрхи 300  дугаар тогтоолоор тус концернийг дэд бүтцийн хөгжлийн яамнаас явуулж байгаа бодлого чиглэлийг зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн юм. Энэ агентлаг нь эдийн засаг, зохицуулалт, төсөл, хөрөнгө оруулалт, НАА–н хэлтэс, төслийн албатайгаар зохион байгуулагджээ.
      Дэд бүтцийн сайдын тушаалаар нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын үүргийг тодорхойлохдоо: “нийтийн аж ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж түүний баазыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гадаад олон улсын байгууллага, төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой зарцуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, улсын хэмжээнд орон сууцны хувьчлалыг удирдан зохион байгуулах, мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэд технологи бий болгох” гэж заажээ.
     НААҮ-ний яам татан буугдсанаас хойш 1996 он хүртэл нийтийн аж ахуйн салбар техник технологийн бодого, хариуцах мэргэжлийн удирдлага хяналт зохицуулалтгүй шахам явж ирсэн учраас орон сууц, ус хангамжийн хэрэглээний түвшин 12 дахин буурч хэвийн ажиллаж улсын хэмжээнд ашиглаж байсан 130 гаруй цэвэрлэх байгууламжийн 40-өөд хувь нь ажилгүй, хот хөдөөд ажиллаж байсан 80 гаруй халуун усны 30 хүрэхгүй хувь, сум бригадын халуун ус бараг бүхэлдээ хаагдсан буюу хувьчлагдаад зориулалтаа өөрчилсөн буюу татан буугдсан, хот суурины хог хаягдлыг хаях, дарж устгах ажил уналтад орсон байлаа.
     ЗГХ Агентлаг Н.А.А.Ү –ний газар нь 1996 -2000 онд орон нутгийн НАА–н байгуулагуудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох төслийг азийн хөгжлийн банктай хамтран боловсруулах захиргааны зардлыг 40 орчим сая төгрөгөөр хямдруулж, инженер техникийн болон санхүүгиййн 100 гаруй хүмүүсийг мэргэжлийн сургалтанд хамруулж 14 аймгийн усан хангамжийн хлоржуулах байгууламжийн операторуудыг мэргэшүүлжээ. Мөн техникчдийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулсан байна. 1997 онд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээтэй холбогдолтой гол дүрэм журмуудыг боловсруулж, түүнийг мөрдөж биелүүлэх дүрэм заавар журмаар НАА –н байгууллагуудыг хангасан байна.
     Ус хангамжийн эх үүсвэрийн 40 гаруй гүний худгийг тоноглох, гадаадын зээл тусламжаар дулаан дамжуулах 6 төвд техникийн шинэтгэл хийж, сууц өмчлөл болон өмчлөгчийн холбогдолтой хэд хэдэн дүрэм журам боловсруулж батлуулсан байна. Зөвхөн 1997 онд 23800 гаруй иргэдэд сууц өмчлөх гэрчилгээ олгож, хороолол дотор 9000 у/м сууцны доторх 27000 у/м ариутгах татуургын шугамыг засварлаж 53 байрны дээврийн засвар хийж 30.8 сая төгрөгийн машин тоног төхөөрөмжийг захиалан авч нийлүүлсэн байна. Олон улсын банк, хандивлагч орнуудын зээл, буцалтгүй тусламжаар 60 гаруй сая доллорын өртөгтэй 7 төслийн хэрэгжүүлэгчээр ажиллажээ.
       1998 онд тусагентлаг 4 хэлтэс 29 орон тоотой ажиллаж өөрийгөө санхүүжүүлэх журмаар ажиллаж иржээ. Энэ нэг жилийн хугацаанд орон сууцны фондын 79.2% нь хувьчлагдаж улмаар сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл байгуулагдаж 180 гаруй СӨХ бий болсон байна. Энэ үед Н.А.А –н агентлагийн хүрээнд төв орон нутгийн 10000 гаруй ажиллагчидтай 100 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгөтэй 127 тэр бум төгрөгийн орлого үйлчилгээ явуулдаг 50 гаруй байгууллага хамрагдаж байжээ.
       БНМАУ –ын АИХ –ын 2000 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2000 оны 9 сарын 6–ны өдрийн 139-р тогтоолоор НАА–н агентлагийн зохион байгуулалтыг өөрчилж 2000 оны 11–р сарын 1–нээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Барилга, хот байгуулалт нийтийн аж ахуйн газрыг байгуулж, нөөц – дотоод ажлын, төсөв хөрөнгө оруулалтын, мэдээлэл - үйлчилгээний, техникийн – технологийн бодлогын (дотроо газар хөдлөл техникийн магадлал, ипотекийн албатай) гэсэн үндсэн нэгж 70 ажиллагчтайгаар Дэд бүтцийн сайдын эрхлэх ажлын хүрээнд ажиллуулахаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ агентлаг нь 2000–2004 онд барилгын салбарт дотод нөөц боломжийг улс орны нийгэм эдийн засгийн нөөц байдалд тулгуурлан, төр засгийн бодлоготой уялдуулан 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан батлуулжээ.
      Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ерөнхий зураглал гаргах, барилгын материалын байгууллагуудыг өргөтгөн бэржүүлэх, барилгын жинг хөнгөрүүлэх, дулааны алдагдлыг багасгах, норм дүрмийг боловсруулахад гол ажлаа чиглүүлж иржээ.
      Зөвхөн сүүлийн 4 жилд 70 гаруй дүрэм заавар, барилгын 90 гаруй норм норматив боловсруулж 134 стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж мөрдүүлсэн байна.
      Мөн энэ хугацаанд зураг төсгийн 124 байгууллага, аж ахуйн нэгж зөвшөөрөл авч 1.8 тэр бум төгрөгийн ажил, угсралтын зөвшөөрөл авсан 742 байгууллага, аж ахуйн нэгж 131.9 тэр бум төгрөгийн ажил гүйцэтгэсэний 69.9% -ийг дотоодын барилгын байгууллага, 30.1% -ийг гадаадын буюу гадаадынхтай хувь хамтарсан барилгын байгууллага гүйцэтгэжээ.
      Жилд 1 тэр бум 200 сая төгрөгийн өртөгтэй жилд 30000 м3 хөнгөн бетон үйлдвэрлэх хүч чадалтай үйлдвэр болон, мод, шохой, тоосго, сантехникийн зэрэг барилга, барилгын материалын 50 гаруй жижиг үйлдвэр ашиглалтанд оржээ. Сүүлийн 4 жилд монголын барилгын байгууллагын ажил идэвхитэй өрнөж түүнд ажиллагчдын то 14386 –д хүрч өссөн байна.
      НАА–г менежментийн хувьчлалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, чадамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх, хэсэг хугацаанд устаж үгүй болсон нийтийн халуун усны үйлчилгээг аймаг сумдад бий болгох, орон сууцны хувьчлалыг гүйцээх, сууц өмчлөгчдийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чиглэсэн их ажил гүйцэтгэсэн юм.
      2004 оны байдлаар орон сууцны 99.2%ньхувьчлагдаж, нийт суугчдын 98.92 нь сууц өмчлөгчдийн холбоонд хамрагдах байлаа.
      2000 онд хот хөдөөд дөнгөж 29 халуун ус ажиллаж байсан бол 2004 оны эцэс гэхэд 352 халуун устай болж, нийт сумдыг халуун устай болгох зорилт биелэгджээ.
      Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 1999 – 2004 онуудад 127.8 сая доллорын зээл тусламжийг авч ашигласан бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалт 7263.0 сая төгрөг болсон байна.
      2004 оны байдлаар тус агентлаг нь 5 сая гаруй м2 талбайтай орон сууц инженерийн байгууламж, шугам сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцан хоногт 500 мянга гаруй м3 ус түгээж, 450 мянган м3 бохир ус татан зайлуулж, 500 мянган м3 хог даран зайлуулж нэг  ээлждээ 1600 хүнд үйлчилдэг 50 гаруй байнгын ажиллагаатай халуун ус, хот суурингийн нам даралтын олон арван халалтын зуухны ашиглалт үйлчилгээг хариуцаж байжээ. 
2010-2012 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.